Тус сургуулийн номын сан нь профессор, багш, суралцагчдын хэрэгцээнд нийцсэн сургалтын хэрэглэгдэхүүн, онлайн мэдээллийн сан, цахим-дижитал технологитойгоор үйл ажиллагаагаа явуулж байна.
Номын сан нь өөрийн сургуулийн сургалт- эрдэм шинжилгээний эрэлт хэрэгцээг бүрэн хангахуйц баялаг фондтой, дижитал техник-технологийн хангамжтай, туршлагатай ажилтанаар хангагдсан.
2020-2021 оны хичээлийн жилийн байдлаар номын сангийн фондын бүтэц нь нийт 20 мянга гаруй номтой. Тэдгээр нь монгол, англи, орос, япон, хятад хэл дээр байна. Номын сан нь 330м2 талбайд 120 хүний суудалтай, 2 уншлагын танхимтай. Үүнд: а/. Нийтийн, б/. Эрдэм шинжилгээний танхимуудтай. Номын сангийн танхимууд нь электрон каталогтой. Уншигчдад хэрэгцээт лавлагаа мэдээллийг өгч, өдөр тутмын үйлчилгээ үзүүлдэг.
Тус сургууль нь оюутны ном уншлагын хоёр танхим, эрдэм шинжилгээний уншлагын танхим, фонд-архивын танхим гэсэн тохижилт сайтай ном уншлагын газруудтай. Эдгээр ном уншлагын танхимд оюутнууд бие даан ажиллаж суралцахын зэрэгцээ номын санчдын зүгээс мэдээллийн үйлчилгээ авах боломжтой.
Сургуулийн номын сангийн уншлагын танхимууд нь гэрээр үйлчлэх үйлчилгээг өөрийн оюутнуудад чөлөөтэй үзүүлдэг. Уншлагын танхимууд нь каталоги, уншигчийн картын сантай. Уншлагын танхимуудад ерөнхийдөө уншигч-оюутнуудын өргөн хэрэглэдэг сурах бичиг, гарын авлагуудыг хадгалж байх ба бага эргэлттэй номууд ихэвчлэн фондод хадгалагдана.
Номын сан нь ажлын өдөрт дунджаар, давхардсан тоогоор 30-40 багш, оюутанд үйлчилгээ үзүүлдэг. Түүнчлэн уншигчдадаа лавлагаа-ном зүйн үйлчилгээ үзүүлж, шинэ номын мэдээлэл долоо хоног, сараар гаргаж сурталчилдаг.
Тус сургуулийн номын сангийн эрхэм зорилго нь: Сургуулийнхаа эрдэмтэн профессор, багш, оюутнуудад номоор чанартай сайн үйлчилж, тэднийг бие даан суралцах нөхцөлийг хангаж, сургалт-эрдэм шинжилгээний дэвшилтэд бүтээлч орчныг бүрдүүлэхэд оршино.
2019 онд номын фондын тусгай байрыг шинэчлэн тоноглож ашиглалтанд оруулсан. Тус номын фонд нь 50.000 гаруй ном хадгалах багтаамжтай бөгөөд бүрэн тоноглогдсон. Энэ ажилд 150 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийв.
ОУСДС-ын дэргэдэх Философи, социологийн хүрээлэнгээс эрхлэн Шинэ зууны хөгжлийн түвшинд тохирсон орчин үеийн сургалтын арга барилтай ном сурах бичиг боловсруулж, хэвлүүлэн оюутан залуусын хүртээл болгодог давуу талтай.
Номын фондод байгаа ном, сурах бичгүүд нь Дьюгийн аравтын ангиллаар ангилагдсан. Номын сан хөмрөгийн сүүлийн үеийн шинэ техник, технологитой уялдуулан номын сангийн бүртгэлийг электрон каталогт хийх ажлыг дуусгаж, электрон номын сангийн lib4U программыг нэвтрүүлэн олон жил ашиглаж байна. Номын сангийн ЕСМ программ хангамжийг нэвтрүүлсэн интернетийн сүлжээнд холбогдсон электрон номын сантай.