ОЛОН УЛС СУДЛАЛЫН ДЭЭД СУРГУУЛИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА

  Олон улс судлалын дээд сургууль /ОУСДС/ нь Монгол улсад Олон улсын  харилцааны чиглэлээр үндэсний мэргэжилтэн бэлтгэхээр 1996 онд байгуулагдсан анхны бие даасан сургууль юм.  Хотын төвд, Засгийн газрын ордны хойно, их дээд сургууль, соёл, шинжлэх ухааны байгууллагууд төвлөрсөн, цэвэр тохилог орчинд байрладаг.
Дээд сургуулийн сургалтын зориулалтаар баригдсан хичээлийн хоёр корпустой. Орчин үеийн техник хэрэгслээр тоноглогдсон анги танхимуудтай. Гадаад хэлний лингафоны  кабинет,  хуулийн кабинет, орон судлалын танхим, дуу хөгжмийн урлагийн  заалтай.
Зах зээлийн нийгмийн хэрэгцээт түгээмэл мэргэжлээр сургалт явуулж ирсэн 20 гаруй жилийн туршлагатай.
  Эх орондоо төдийгүй орос, англи, япон, хятад, герман улсад  ном бүтээл нь хэвлэгдэж, дэлхийд танигдсан эрдэмтэн профессор, гавьяат багш нар, онц бөгөөд бүрэн эрхт зочин сайд, ахлах дипломатчид хичээл зааж, АНУ, БНХАУ, Япон, ОХУ зэрэг орноос мэргэжилтэн багш нар тогтмол ирж ажилладаг тул тухайн орны хэл соёл, харилцаанд илүү суралцаж өндөр боловсрол эзэмшдэг.Тус сургууль нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн өндөр агуулгатай сургалтын хөтөлбөрөөр хичээлээ явуулдаг бөгөөд 2 удаа магадлан  итгэмжлэгдсэн.
“Дэлхийн философийн холбоо”-ны жинхэнэ гишүүн, “Олон улсын Монгол судлалын холбоо”-ны гишүүн байгууллага юм.
“Аз жаргалтай оюутан “ хөтөлбөр  хэрэгжүүлэгч анхны сургууль. Сургалтыг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн  сургалтын хөтөлбөрөөр хичээллэдэг. ОУСДС нь 20 гаруй удаа төгсөлт хийсэн бөгөөд тус сургуулийг төгсөгчид орчин үеийн жишигт нийцсэн боловсрол, харилцааны соёл эзэмшиж, 2-оос доошгүй гадаад хэл эзэмшиж төгсдөг давуу талтай.

Түүнчлэн хэлний мэдлэгээ гүнзгийрүүлж мэргэжлийн ажлын дадлага олох зорилгоор Япон улсад цалинтай дадлагад хамрагддаг.
Тус сургууль нь Олон улсын харилцааны мэргэжилтнийг бэлтгэхдээ бакалавр, магистр, докторын зэргийг тасралтгүй сургалтаар эзэмшүүлдэг.
Олон улсын харилцаа, сэтгүүл зүй, эрх зүйн чиглэлийн мэргэжлээр сурч буй оюутнуудын орчин үеийн боловсролд шаардлагатай латин, кирилл бичгийн хурдан бичиг-стенографийг тусгай хөтөлбөрөөр сургаж эзэмшүүлдэг. Стенографийн сурах бичгийг анх удаа Монгол хэл дээр хэвлэн гаргасан бөгөөд тогтмол хугацаанд олимпиад зохион явуулдаг уламжлалтай. Мэргэжлийн онцлогоос хамааран төгсөгчдийн олонх нь төрийн байгууллагад ажилладгийг харгалзан ОУСДС нь  уламжлалт босоо монгол бичгийг нэмэлт хөтөлбөрөөр нийт оюутнуудад сургаж байна.
Сургуулийн дэргэд “Философи Социологи Политологийн Хүрээлэн”, “Шинэ мянган” сонин, аялал жуулчлалын бааз зэрэг байгууллагууд ажилладаг. Эдгээр байгууллагын үйл ажиллагаанд багш, оюутнууд өргөнөөр оролцож эрдэм шинжилгээ судалгааны ажлын дадлага эзэмшиж, бүтээлч сэтгэлгээгээ хөгжүүлж байдаг онцлогтой.
ОУСДС нь 20 мянга гаруй ном бүхий номын сан, уншлагын бие даасан танхимтай. Манай номын сан нь өөрийн сургуулиас хэвлэн гаргасан ном гарын авлагаар фондоо тогтмол баяжуулдаг.
ОУСДС –ын  эрдэм шинжилгээний байгууллага болох “Философи Социологи Политологийн Хүрээлэн”-гээс  эрхлэн оюутнуудын мэргэжлийн хичээлийн ном товхимлыг  олон улсын чиг хандлагад нийцүүлэн шинэчлэн хэвлэн нийтэлж, сургалтад ашиглуулдаг. /веб сайтын Эрдэм шинжилгээний ажил хэсгээс үзнэ үү/
Түүнчлдэн ерөнхий боловсролын сургуулийн ахлах ангийн сурагчдад заадаг нийгмийн ухааны сурах бичигт анх удаа “Олон улсын харилцаа” сэдвээр бие даасан бүлгийг бичиж оруулсан нь  Олон улсын харилцаа, Олон улс судлалын чиглэлийн мэргэжлийн талаар ойлголт өгөх зорилго амжилттай хэрэгжиж байна.
ОУСДС  нийт төгсөгчид бүр бакалаврын зэрэг горилсон дипломын ажил бичихдээ бие даасан эрдэм шинжилгээ судалгааны  ажил хийж, эрдмийн зөвлөлөөр хэлэлцүүлж дипломоо хамгаалдаг нь төгсөгчдөд Эрдэм шинжилгээ-судалгааны дадлага олгодог. Тус сургууль нь багш, оюутнуудын илтгэлийг нэгтгэсэн “Эрдэм шинжилгээний бичиг” нэртэй цувралыг хэвлэн нийтийн хүртээл болгож хэвшсэн.
ОУСДС-ын  эрдэмтдийн бүтээлүүдээс англи, япон, орос хэл дээр хэвлэгдэн гарч дэлхийн эрдэмтдийн оюуны хүртээл болж байна. уг бүтээлүүд Америкийн amazon.com сайтад тоймлон нийтлэгдсэн байдаг.
ОУСДС нь 2000 оноос хойш тасралтгүй  төгсөлт хийсэн бөгөөд манай төгсөгчид мэргэжлээрээ  Монгол Улсын Аюулгүй байдлын зөвлөл, Ерөнхийлөгчийн тамгын газар, Засгийн газрын ажлын алба, яам  тамгын газрууд, банк санхүү бизнесийн салбарт хариуцлагатай ажил хийж байна. Түүнчлэн Монгол Улсаас гадаад оронд суугаа тухайлбал, Япон, Франц, Куба, БНСУ-д Монгол Улсын элчин сайдын яаманд манай төгсөгчдөөс мэргэжлээрээ ажиллаж  байна.
ОУСДС нь өөрийн орны оюутан залуусыг сургахын зэрэгцээ гадаадын олон орны оюутнуудыг сургасан. Тухайлбал, Орос, Хятад, Чех, Япон улсын оюутнууд сурч төгссөн бөгөөд одоо ОХУ, БНХАУ, Япон улсаас оюутан суралцаж байна./Гадаад хамтын ажиллагааны хэсгээс үзнэ үү./
Тус сургуулийг төгсөгчдөөс өндөр хөгжилтэй орнуудын их дээд сургуулиудад суралцагчдын тоо жил ирэх тутам нэмэгдэж байна.