ШИНЭ БҮТЭЭЛ

МОНГОЛЫН НИЙГМИЙН МОДЕРНИЗАЦИЙН  ҮЕ ШАТНЫ АСУУДЛААР

МАНАЙ ОРОНД ХЭРЭГЖИЖ ИРСЭН СУДАЛГААНЫ ҮР ДҮН

 

ДАШПҮРЭВ Данзанхорлоогийн

                                                                             Философийн шинжлэх ухааны доктор/Sc.D/,

    профессор, Олон улс судлалын дээд

         сургуулийн Захирал, философич

 

Түлхүүр үг:  “Монгол нийгэм”,  “ нийгмийн хөгжил”,  “нийгмийн өөрчлөлт”, “иргэншил”, “нүүдийн иргэншил”, “нийгмийн модернизаци”

Товч утга:     Дээрхи түлхүүр үгс, ухагдахуунуудын тусламжтайгаар монгол нийгмийн өөрчлөгдөлт, хөгжил, модернизацийн үйл явц, түүний үе шатуудыг анализ хийн авч үзэж байна.

 

 

1990-ээд оноос хойш монголын академик хүрээлэлд  нийгэм, улс төрийн философи, онолын чиглэлээр хийгдсэн судалгааны ажлын нэг хэсэг бол “монгол нийгмийн модернизаци”-ийн  асуудал юм.

Модернизацийн онолын байр сууринаас  ХХ зууны монголын нийгмийн “өөрчлөлт”,  “хөгжил”-ийн асуудлыг авч үзэхдээ шууд хатуу “марксист-ленинист онол”-ын бус байр сууринаас хандаж байгаа учраас  “уламжлалт монгол нийгэм”  гэдэг ухагдахууныг тодорхойлон нийгэм судлалын сэтгэлгээний эргэлтэнд оруулсан билээ. Уг ухагдахууны агуулгыг задлан илэрхийлэх явцад “билчээр-нүүдлийн мал аж ахуй” /пастобышное кочевое скотоводство”/, гэсэн нэрийдлүүдийн /”термина”/ утгыг шинэлэг үзэл санаагаар тайлбарлах шаардлага гарч ирсэн байна.

Юуны өмнө “уламжлалт монгол нийгэм” гэдэг ямар нийгэм бэ? Энэ  бол бүр хоёр мянга гаруй жилийн өмнөөс үүсэн бүрэлдсэн бөгөөд “ билчээр”-ийг дагасан нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэл дээр суурилсан аж амьдралын хэв маягтай, угсаа гарал нэгтэй, уламжлан бүрэлдсэн адил зан заншил, шүтлэг бишрэлтэй, нийтлэг хэл яриа ба үсэг бичигтэй, нэгэн төрийн дор зохион байгуулагдсан монгол гэгдэх хүмүүсийн нэгдмэл оршихуй байлаа.  Тэднийг  нүүдэлчид /”nomadic people”/ гэх боловч  тэдэнд төрийн тогтолцоо, соёлын бие даасан хэв шинж, аж амьдралын тогтсон хэв маяг, хаашаа ч нүүж явсан үндсэн хэсэг нь заавал эргэж ирдэг нутаг орон, түүхээ юун дээр ч болов тэмдэглэн бичиж үлдээдэг үсэг бичиг, нийтээр дагаж мөрддөг хууль ёс, амьдралынхаа гол хэрэгсэл болох мал сүргээ даган тархай бутархай суух боловч тасалдалгүй ажилладаг харилцаа холбооны түргэн шуурхай хөдөлгөөнт механизмтай байжээ.  Товчхон хэлбэл, “уламжлалт монгол нийгэм” бол туйлын өвөрмөц хөгжилтэй “цивилизаци”  /иргэншил/ бүхий нийгэм байв.

Энэ чиглэлээр хийгдсэн судалгааны ажлын явцад монголын уламжлалт нийгмийн  үйлдвэрлэлийн үндэс бол билчээр-нүүдлийн мал аж ахуй байжээ гэсэн дүгнэлт хийгдсэн байна. Билчээр-нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэл нь  уламжлалт монгол нийгмийн түүхийн урт удаан хугацаанд түүний тогтвортой оршин тогтнох үндэс болж байсныг судалгаагаар нотлон харуулсан юм.

Билчээр –нүүдлийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн үндсэн дээр “нүүдлийн иргэншил”  үүсэн бүрэлдэж, хөгжин цэцэглэж, оршин тогтнож ирсэн түүхэн үйл явцыг судлан харуулах ажил хийгдсэн билээ. Ер нь иргэншлийн онолд “нүүдлийн иргэншил”/”кочевая” эсвэл “номадик” иргэншил/ гэж байх боломжгүй гэсэн үзэл санаа оршиж байгааг няцаах оролдлого  хийгдсэн байна.

“Нүүдлийн мал аж ахуй” ба “ нүүдлийн иргэншил” бүхий уламжлалт монгол нийгэм ХХ зуунд хэрхэн өөрчлөгдөж, хөгжиж ирсэнийг “нийгмийн  модернизаци”-ийн онолын концепцийн үүднээс авч үзэхэд уг нийгмийн амьдралд ХХ зууны эхнээс авахуулаад эцсийг нь хүрэх хугацаанд болж өнгөрсөн олон түүхэн үйл явцыг шинээр авч үзэх, судлах шаардлага тулгарсан. Үүнд: юуны өмнө 1911 ба 1921 онуудын хувьсгалын үйл явцууд, уламжлалт монгол нийгмийн амьдралын олон талыг төрийн механизмыг ашиглан хүч хэрэглэн эвдэх, устгах, өөрчлөх арга замаар модернизацийн зорилтуудыг хэрэгжүүлж байсныг судлан үнэлэлт дүгнэлт өгсөн байна.[1]

Хүч түрж хийсэн хувьсгалт модернизацийн жилүүд буюу өмнө нь оросчилсон буюу большвик марксист-ленинист онолын концепцийн  хүрээнд бол “хөрөнгөтний биш хөгжлийн зам”-ын үед хийгдсэн хувьсгалт устгалт ба “хувьсгалт  эллюминаци”-ийн үед:

  • Уламжлалт монгол нийгмийн язгууртнууд, тухайлан Чингисийн алтан ургийнхныг ар монголд зөвлөлт КГБ ба монголын дотоод яамны хийсэн тусгай бүртгэлийн дагуу буудан устгасан. Үүнийг бид “Political terror”  гэдэг.
  • Монголын ламанист буддын шашны сүм хийдүүдийг нурааж, тэдгээрийн  толгойлогч хутагт, хувилгаад, дээд мяндагтан лам нарыг буудан устгаж, шашин-соёлын бүтээлүүдийг эвдэж, ном судрыг шатааж устгасан. Үүнийг бид “cultural terror” гэдэг.
  • Уламжлалт монгол нийгмээ эрх биш мэдэх, шинэ хувьсгалт хүчирхийллийн үед өсч бойжсон ба түүнд оролцож явсан шинэ үеийн сэхээтний давхрагыг “эсэргүүн” гэдэг нэрээр буудан устгасан. Үүнийг бид “репрессия” буюу /улс төрийн хэлмэгдүүлэлт/ гэдэг.

Эдгээр  хүч түрэн монгол нийгэмд  хийсэн хувьсгалт модернизацийн үе шат 1940-өөд онд өндөрлөсөн байна. Түүний дараа монгол нийгмийн модернизацийн социалист шат эхлэсэн билээ. Энэ шатанд:

  • Хувийн мал аж ахуйтны  мал сүргийг хураан авч нийгэмчилэн өөрсдийг нь хоршооллосон /нэгдэлжсэн/ анги болгосон.
  • Үндсэний бичиг үсгийг хориглож, нийтээр нь криллжүүлсэн.
  • Монголчуудын хэдэн мянган жилийн уламжлалт ахуйн соёлыг гутаан доромжилж, “соёлын хувьсгал” хийсэн,
  • Эцсийн үр дүн нь болгож “зөвлөлтжүүлэх”, “орос хэлжүүлэх” компанит ажлыг хэрэгжүүлсэн,

Энэ шатанд үндсэндээ аж үйлдвэржилтийн мануфактурын түвшний чанаргүй бүтээгдэхүүн хийдэг, эцсийн дүндээ эдийн засгийн талаар ямагт алдагдалтай ажилладаг үйлдвэр, аж ахуйн газруудыг олноор байгуулсан нь улс орноо мөнгө-санхүүгийн байнгын өрөнд оруулдаг гинжин хэлхээг буй болгож чадсан. Үр дүнд нь ЗХУ монголоос маш хямд төрөл бүрийн түүхий эд авч чаддаг болсон.

Энэхүү зөвлөлт маягийн “колончлол”-ын үйл явц дэлхий дахины “хүйтэн дайн”-ы үр дагаваруудаар нөхцөлдөж байсныг харгалзан үзэх ёстой.

1990 онд тэр үеийн дэлхийн социалист систем гэж нэрлэгдэж байсан бөгөөд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш бүрэлдэн  тогтсон энэхүү “зүүний” гэгдэх орнууд нь тэрхүү түүхэн он жилүүдэд явагдсан “хүйтэн дайн”-ы фронтын “зүүн тал” болж явсаар хоёр ертөнцийн “үзэл суртлын дайн”-д ялагдал хүлээж задран бутрахуйяа монгол оронд ардчилсан хувьсгал тохиож нийгмийн байгуулалтын өөрчлөлт,  шинэчлэлтийн  буюу модернизацийн шинэ үе шат эхлэв. Энэхүү түүхэн зурвас цаг үед монгол орноо тохиосон үйл явцыг академик хүрээлэлд судлах явцдаа харилцан зохих ялгаатай үнэлэлт, дүгнэлтүүдийг өгч байгаа. Бид бол өөрийн судалгаагаар 1990-ээд онд монгол оронд тохиосон нийгмийн үйл явцууд нь тус улсын нийгэм-улс төрийн тогтолцоог ардчилсан хувьсгалаар өөрчилжээ гэж дүгнэдэг юм.

1990 оны монголын ардчилсан хувьсгалын үр дүн болж 1992 онд батлагдсан “Монголын үндсэн хууль”-иар тус оронд төрийн шинэ механизм байгуулагдсан. Эрх зүйт төр улс буй болж төрийн  эрх мэдлүүд хуулиар хуваарилагдсан. Хүний үндсэн эрх, эрх чөлөөг хуулиар тогтоосон.  Нийгмийн амьдрал  нь хувийн өмч, чөлөөт зах зээл дээр суурилах болов. Чингэж монгол оронд капиталист модернизацийн үе шат эхлэсэн байна.[2]

Монгол орны хөгжлийн капиталист  модернизацийн шатанд:

  • Хувийн өмч давамгайлсан эдийн засаг бүрэлдэж байна. Цаашдаа төрийн монопольт капитализм уу, олигархижсан капитализм уу, эсвэл чөлөөт өрсөлдөөний /хувьцаат/ капитализм уу гэдэг сонголтууд  хүлээгдэж байна.
  • Урбанизацийн үйл явц эхлэсэн, гэхдээ уламжлалт билчээр-нүүдлийн  мал аж ахуй оршин тогтносоор байх хандлагатай байгаа.
  • Баруунжих үйл явц эхлэсэн, түүнийг саатуулах улс төр, үзэл суртал, ёс суртахууны оролдлогууд хүчтэй байгаа ч гэсэн зогсолтгүй үргэлжлэх хандлагатай. Энэ нь үндэсний соёл, зан заншил, уламжлалыг устгах чиглэлээр хөгжих боломжгүй. Харин түүнийг шинэчлэн модерн болгох чиглэлээр явагдаж байгаа.  Гагцхүү хүний эрх, чөлөөт сонголт, хуульт ёсны эрх чөлөө бодитой байх хэрэгтэй.
  • Монгол нийгмийн амьдралыг бүхэлд нь зөвхөн хуулиар зохицуулдаг болох туршлага бүрэлдэн тогтож байна.

Монгол нийгмийн модернизацийн цаашдын явцад нийгмийн амьдарлыг улс төр, үзэл суртал, ёс суртахууны үнэлэмжээр асуудлыг шийдвэрлэхээр оролдох, устгах арга хүчтэй эрэлхийлэгдэж байгаа боловч тэр нь аажмаар эрч хүчээ алдсаар байх хандлагатай.

            Өнөөгийн монгол нийгэмд цоо шинэ социаль бүтэц бүрэлдэн тогтноод байгаа. Үүнд:

  • хоёр мянган оны арваад оноос эхлэн төрийн хууль  тогтоох байгууллага, гүйцэтгэх засаглалын  дээд, дунд, доод шатны удирдлага, хууль хяналтын байгууллагын шат дамжлагуудын шийдвэр гаргах хэмжээний албан хаагчдын эгнээнээс авилга ба албан тушаалын гэмт хэрэг үйлдэх замаар хөрөнгөжиж үүссэн баячуудын бүлэглэлүүд,
  •  гол төлөв худалдаа, үйлчилгээний салбараас  орлого олж хуримтлуулах замаар төрсөн дундаж ангийн эх үүсвэр,
  • төрийн үйлчилгээний  албаныхан аж амьдралын хувьд ядууран доройтох хийгээд орлого нь буурах замаар үүссэн нийгмийн ядуулаг бүлгийнхэн,
  • ихэнх тэтгэвэрийнхэн ба улирлын ажилчид, ажилгүйчүүдээс үүссэн ядуучуудын давхраа гэхчилэн  өнөөгийн монгол нийгмийн анги, бүлэглэлүүдийн нийгмийн бүтэц бүрэлдэн тогтнох процесс явагдаж байна.[3]

Сүүлийн 10-15 жил үргэлжилж байгаа капиталист монгол нийгмийн социаль бүтэц бүрэлдэн тогтнох  нийлмэл үйл явцад уул уурхайн  салбар дахь хэт их  хөрөнгөжигсөд, байгалийн баялагийн лицензийг гадаадынханд наймаалагчид, дээд зиндааны эрх мэдэлтнүүдийн дундаас олон тэрбумаар хахууль авагчдын эгнээнээс төрсөн олигархи бүлэглэл үүсэв.  Тэднийг нийгэмд “гучин гэр бүл” гэдэг оноосон нэр томъёогоор илэрхийлдэг бөгөөд энэ бүтцийг тойрсон хөрөнгөжсөн бүлэглэлийг нийгэмд “МАНАН” гэж ангилдагЭнэ дотор “олигархи” гэсэн олон улсын нэр томъёогоор хаяглагдагсад оршиноТэдний дунд банк-санхүүгийн салбарын мөнгө хүүлэгчидийн бүлэг оролцож “олигархи”-ийн зарчмийг идэвхжүүлж  байгаа. Нийгмийн энэ процесс бол дуусаагүй үйл явц юм.

Монгол нийгмийн “модернизаци”-ийн түүхэн үйл явцыг задлан шинжлэх академик судалгааны ажлын хүрээнд  онолын шинжтэй, үзэл баримтлалын ялгаатай хандлагууд судлагчдын дунд буй болж байна. Тухайлбал: зарим судлагчид орчин үеийн монгол нийгэм 1990-ээд оноос хойш “өөрчлөлт”-ийн замаар явж байна гэж үздэг[4].

“Монгол нийгмийн өөрчлөлт”-ийн онолын асуудлуудаар бичсэн энэхүү  судлагааны ажлыг гүйцэтгэсэн судлагчид 1990-ээд оноос хойш монгол нийгэм өөрчлөгдөж байгаа, тэгэхдээ 1990 оны эхээр монгол оронд ардчилсан хувьсгал болоогүй, энэ нь монгол нийгэмд гарч байгаа өөрчлөлтүүдийг эхлүүлсэн ээргүүцлийн хөдөлгөөн байлаа гэсэн үзэл санааг дэвшүүлэн тавьсан байдаг. Үүнийгээ тодруулж “ 1990-ээд оноос манайд ардчилсан өөрчлалт эхэлсэн. Энэ өөрчлөлт ардчилсан гэдэг утгаараа эдүгээ нэгэнт дууссан. ... 1990-ээд онд манай улсад болсон жагсаал цуглаан, өлсгөлөн, суулт зэрэг нь зөвхөн эсэргүүцлийн хөдөлгөөн байлаа. Энэ эсэргүүцлийг тэр үед эрх баригч нам, төр засаг хүлээн авч ардчилсан өөрчлөлтийг дэмжиж хөхүүлсэн юм” [5] гэжээ.

Энэ төсөл нь Монгол улсын Шинжлэх ухааны академийн “ Философи, социологи”-ийн хүрээлэнд улсын төсвөөр санхүүжиж, 1990-ээд оноос 1996-оныг хүртэл МАХН-ын дарга асан философийн ухааны доктор, Монгол улсын Шинжлэх ухааны гавъяат зүтгэлтэн, Б.Даш-Ёндонгийн удирдсан судлагчдын хамтлагаар хийгдсэн улсын төлөвлөгөөт чухал ажил юм.

Энэ бүхнээс үзэхэд бид цаашдаа “нийгмийн өөрчлөлт”, “нийгмийн хөгжил” гэсэн нэр томъёонуудыг тодорхой ойлголцох хэрэгтэй юмуу даа гэж бодогдож байна.  Үүнд: хэдийгээр нийгэм-улс төрийн янз бүрийн үзэл санааны урсгалууд  өвөр хоорондоо дээрх нэр томъёонуудыг өөрөөр ойлгох боловч нилээд нийтлэг төсөөлөл бас байж болно. Жишээлбэл, нийгэм өөрчлөгдөж байгаа ч тэнд бас хөгжил явагдаж байгаа юу, үгүй юу? Эсвэл “өөрчлөлт” нь илүү ерөнхий  ойлголт юм бол түүний ямар шинж чанар бүхий хэсэг нь “хөгжил” байх вэ? гэж асуудлыг дэвшүүлж болно.  Мөн орчин үед хүний нийгмийн өөрчлөлт хаашаа чиглэж байна вэ? гээд илүү дэвшилттэй бас зөв гэж болох чиглэл нь юу болж байна вэ хэмээн эргэцүүлэн дүгнэлт хийж болох байх. Энэ бүх бодомжуудыг тал бүрээр тунгаан үзсэний эцэст орчин үеийн нийгэмд болж байгаа өөрчлөлтүүд нь “эдийн засаг, нийгэм, соёл, шинжлэх ухааны талаар илүү давамгай түвшинд гарсан “нийгэм”-д хүрэх чиглэлтэй явагдаж байвал зөв хандлагаар явагдаж байна гэх буюу “хөгжиж”, “орчин үечлэгдэх хандлага чиглэлээр өөрчлөгдөж байна" гэж үздэг бие даасан үзэл санаа, онолын нэг урсгал байна. Үүнийг “модернизацийн онол” гэж товчоор нэрлэж байдаг. Чухам энэ байр сууринаас асуудалд хандах  юм бол өндөр хөгжилд хүрсэн “барууны орнууд” гэх улс орнуудын нийгмийн хүрсэн хэм хэмжээг баримжаалан нийгмээ өөрчлөх үйл явцыг зөв чиг баримжаагаар “хөгжиж” байна гэж үзэх нь зохистой болов уу гэж зохиогч бодож байна.

Энэхүү хөгжил нь тухайн улс, үндэстний уламжлалт иргэншил, соёл, түүхийн үнэт зүйлсийг үгүйсгэх, устгах, үл тоомсорлох явдал гаргаж болохгүй, харин сайнаар хүндэтгэн хандаж уламжлан боловсронгуй болгож хөгжүүлэн баяжуулах хэрэгтэй гэж үздэг.  Иймд модернизацийн үйл явц бол улс, үндэстний түүхэн уламжлалт нийгмийн үнэт зүйлсэд ер дайсагнадаггүй юм. Гэхдээ нийгэм, тухайлан “уламжлалт монгол нйигэм” орчин үежиж, шинэчлэгдэж хөгжих, баруунчлагдах чиг баримжаагаар өөрчлөгдөхийг эсэргүүцэгчид, тэр үйл явцыг үгүйсгэгчид байдаг бөгөөд тэдний зүгээс “монгол нийгэм” орчин үежиж өөрчлөгдөхийг “хөгжил” гэж үзэхгүй байгааг тодорхой ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй болов уу.

Энэ талаар орчин үеийн дэлхийн нэрд гарсан философичид зарчмын чухал  баримтлалуудыг томъёолсон байдаг. Юуны өмнө дэлхийн философийн холбооны ерөнхийлөгч асан бөгөөд эдүгээ хүндэт ерөнхийлөгч Ioanna  Kucuradi  “The Idea of development, its past and its present” гэсэн өгүүлэлдээ: “хөгжил” гэдэг ухагдахууныг “under-developed”-хийгээд “developing countries” гэсэн “термин”-ээр тодруулан авч үзэх нь зохистой. Тэгэхийн хамт  хөгжиж буй орнууд хөгжилтэй гэгдэх түвшинд хүрсэн “барууны орнууд”-ын “загвар”-т агуулагдах үзүүлэлтүүдэд хүрэх зорилгыг өмнөө тавьдаг. Энэ цогцолбор үйл явц бол “модернизаци” гэж  ерөнхийдөө нэрлэгдэж байдаг гэсэн өргөн агуулгатай үзэл санааг дэвшүүлсэн байна.[6]

Мөнхүү  үзэл санааг “Дэлхийн философийн холбоо”-ны Ерөнхий нарийн бичгийн даргаар бидний залуу цаг болох 1980-аад онд олон жил ажилласан, дараа нь уг байгууллагын Ерөнхийлөгч асан Evandro Agazzi Philosophical reflections on the concept of development”  өгүүлэлдээ “хөгжил”  гэдэг ухагдахууны агуулгыг өнөөгийн хүн төрөлхтөний хөгжлийн “зүгээр нэг өөрчлөлт гэж бүрхэгдүүлэх биш/ “дэвшил”-тэй холбон ихэд тодруулан гүнзгийрүүлж авч үзэж байна.[7]  Гэхдээ өнөөгийн хөгжиж байгаа улс, орнуудын хөгжлийн энэ ерөнхий хандлага нь өөртөө маш өргөн агуулгатай онолын концепци юм. Жишээлбэл, “зөвлөлтийн импери” задарч мөхсөний дараах үеийн оросын нийгэм-улс төрийн философийн утга зохиолд “өөр” европын модернизацийн онолын баримтлал нилээд хүлээн зөвшөөрөгдөх болсон. Тэр үзэл баримтлалын үүднээс 1990-ээд оноос хойшхи үеийн монгол нийгмийн хөгжил үндсэндээ тэрхүү “өөр”  европын модернизацийн хүрээнд хамаарах юм. [8]

Энэ бүхнийг  дурьдаж байгаагийн учир бол илтгэгч “нийгмийн өөрчлөлт” гэдэг бүрхэг нэр томъёоноос “хөгжил” гэдэг нэр томъёог ялгаатай ойлгож байгаа юм.  Түүгээр ч зогсохгүй “монгол нийгэм” ХХ зуунд, мөн XXI зууны эхэнд модернизацийн арга замаар улам бүр орчин үежин хөгжиж байгаа ба монгол нийгмийн модернизацийн үйл явц нь төрийн хүчээр хийсэн “хувьсгалт модернизацийн шат”, “модернизацийн социалист шат” гэсэн хоёр үе шатыг туулаад эдүгээ “капиталист модернизаци”-ийн үед ороол явж байна гэж үзэж байгаа юм.

Орчин үеийн “монгол нийгэм”-ийн тухайд холбогдох үзэл санаа, онолын баримтлалын хоёр өөр чиг хандлага илэрч байгааг зохиогч тодорхой ялган салгаж, зохиогчоос ялгаатай байгаа үзэл санааны баримтлалд туйлын хүндэтгэлтэй хандаж байна. Аль нь зөв болохыг нийгэм-түүхийн практик л шийднэ шүүдээ.  Гэхдээ практик улс төрч бодлоготнуудын алдаж онох нь зохиогчид бол харин холбогдолгүй зүйл юм.

 

 

RESUME

 

Mongolia, as the non-western nation that has succeeded in reaching the democratic changes, provides an important basis for studies of modernization. This paper investigates the changing climate of opinion and views of Mongolian modernization that arose during the process.

Scholarly studies of Mongolia have had a remarkable growth in the western countries since the end of Soviet Union and the World Socialist System.  However, it is one thing that the democratic movement and democratization in modern Mongolia lacked continuation and perseverance. Of course, modernization is going as well as before.

 

 

                                                                            НОМ ЗҮЙ

 

  1. Agazzi. E. Philosophical reflections on the concept of development. The idea of development between its past and its future. Ankara, 1993.
  2. Dashpurev.D, Usha Prasad. Mongolia: Revolution and Independence 1911-1992. Jawaharlal Nehru University. New Delhi, 1993.
  3. Dashpurev.D, Mongolia: Society, Revolution and Independence. Revised second edition. The Institute of international studies. The Institute of philosophy, sociology and political science /Mongolia/, Published in USA, 2014.
  4. Dashuprev.D, S.K.Soni, Reign of terror in Mongolia 1920-1990. Jawaharlal Nehru University. New Delhi, 1992. D.Dashpurev.D, Reign of Political terror and repression in Mongolia 1920-1990. Printed in Japan. 2013 /In Japanese/, Dashpurev.D, Reign of Political terror and repression in Mongolia 1920-1990. Third edition. Published in USA. 2014.
  5. Ioanna Kucuradi.  The idea of development. Its past and its present. The idea of development between its past and its future. Ankara, 1993.
  6. Д.Дашпүрэв. Этапы модернизации монгольского общества. Российская Академия Наук. Институт философии, Монгольская  Академия Наук. Институт философии и социологии. УБ, 1995. /на русс. яз./  Дашпүрэв Данзанхорлоогийн. Этапы модернизации монгольского общества /Социально-философиксий анализ/.  Российская Академия Наук. Институт философии. Монголия. Институт философии, социологии, политологииИнститут международных исследований. Издание третье. Издано в США. 2018, /на рус. яз./
  7. В.Г.Федотова. Модернизация “другой” европы. Российская Академия Наук. Институт философии. Москва, 1997.
  8. Д.Ганболд ХХ зууны эцэс XXI зууны эхэн үеийн нийгмийн гуманитар хөгжил ба деформацийн асуудал. УБ. 2018.
  9. Д.Дашпүрэв. Монгол нийгэм/философийн анализ/. УБ, 2017.
  10. Монголын нийгмийн өөрчлөлт /Нэмж засварласан хоёр дахь хэвлэл/. Шинжлэх ухааны академи. Философийн хүрээлэн. УБ, 2013.

 

 

 

 

[1] D.Dashpurev. Usha Prasad. Mongolia: Revolution and Independence 1911-1992. Jawaharlal Nehru University. New Delhi, 1993.  D.Dashpurev. Mongolia: Society, Revolution and Independence. Revised second edition, The Institute of International studies. The Institute of Philosophy Sociology and Political Science /Mongolia/. Published in USA. 2014.

D.Dashpurev. S.K.Soni, Reign of terror in Mongolia 1920-1990.  Jawaharlal Nehru University. New Delhi, 1992. D.Dashpurev. Reign of Political terror and Repression in Mongolia 1920-1990.  Printed in Japan, 2013./In Japanese/ D.Dashpurev. Reign of Political terror and Repression in Mongolia 1920-1990.  Third edition. Published in USA. 2014

[2] Д.Дашпүрэв, Этапы модернизации монгольского общества. Российская академия наук. Институт философии. Монгольская академия наук. Институт философии и социологии. УБ. 1995, /На русс. яз./.  Д.Дашпүрэв. Монголын нийгмийн өөрчлөлт шинэчлэлтийн үе шатууд. Олон улс судлалын дпээд сургууль. Философи, социологи, политологийн хүрээлэн. УБ. 2005. Дашпурэв Данзанхорлоогийн. Этапы модернизации монгольского общества./Социально-философиский анализ/. Российская академия наук, Институт философии Монголия  Институт философисоциологи, политологии. Институт международных исследований. Издание третье. Издано в США. 2018. /На русс.яз./

[3] Д.Дашпүрэв. Монгол нийгэм/философийн анализ/. УБ, 2017. 94-99 дэх талууд . Д.Ганболд ХХ зууны эцэс XXI зууны эхэн үеийн нийгмийн гуманитар хөгжил ба деформацийн асуудал. УБ. 2018.

[4] Монголын нийгмийн өөрчлөлт /Нэмж засварласан хоёр дахь хэвлэл/. УБ, 2013. 16-19 дэх талуудад үзнэ үү.

[5] Мөн тэнд. 17-р талд үзнэ үү.

[6] Ioanna Kucuradi. The idea of development. Its past and its present.The idea of development between its past and its future Ankara. 1993, Please see: Pp. 5-7,

[7] Evandro Agazzi, Philosophical reflections on the concept of development. The idea of development between its past and its future . Ankara. 1993, Please see: Pp. 21-23

[8] В.Г. Федотова. Модернизация “другой” европы Российская Академия Наук. Институт философии.Москва. 1997, См. Стр. 234-237.

Сошиалд хуваалцах: