ОЛОН УЛС СУДЛАЛ

  1. Хөтөлбөрийн тодорхойлолт: “Олон улс, орон судлал” бакалаврын хөтөлбөр нь 4 жилийн сургалтын хөтөлбөр бөгөөд сургалтын 8 улирал (нэг улиралд 16 долоо хоног) хичээллэх сургалтын төлөвлөгөөгөөр хэрэгжүүлнэ. Төрийн ба төрийн бус байгууллагын янз бүрийн салбарт олон улсын харилцаа ба гадаад орон судлалын  мэргэжлээр ажиллагсдыг бэлтгэж цаашид ажил-алба, мэргэжилдээ өсөж дэвших сонирхолтой, нийгмийн идэвх тэмүүлэл сайтай, мэргэжил, чадвар, чадамжийг эзэмшсэн мэргэжилтнийг бэлтгэхэд оршино. Мэргэжлийн дипломат алба, ёслолын практик үйл ажиллагаа болон орчин үеийн олон улсын харилцааны чиг хандлагыг судалж, нийгмийн олон салбарт хөрвөн ажиллах чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд чиглэгдэнэ.
  2. Хөтөлбөрийн үндэслэл: Олон улсын харилцаа, дэлхийн бодлогын төлөв байдал хурдацтай өөрчлөгдөн “харилцан хамаарал” ихэсч буй өнөөгийн нөхцөлд олон улс судлалын салбар ухааны зорилго нь орон судлал, бүс нутаг судлал, олон улс судлалын төвшинд төдийгүй глобал төвшинд судалгаа хийхэд оршиж байна. Үүний зэрэгцээ дэлхийн бодлого ба эдийн засагт томоохон байр суурь эзэлж буй их гүрнүүд, тэдгээрийн улс төр, нийгэм эдийн засаг, гадаад бодлого ба геополитикийн бодлогын өнгөрсөн, одоо, ирээдүйн чиг хандлагыг судлах шаардлага зүй ёсоор тавигдаж байна. Нэн ялангуяа Монгол улсын хувьд хөрш хоёр их гүрэн, мөн “гуравдагч хөршийн” бодлогын хүрээнд АНУ, Франц, Герман гэх мэт хөгжингүй орнуудыг судлах, улмаар эдгээр их гүрнүүдтэй харилцах бодлого боловсруулах судлаачдыг бэлтгэх шаардлага хурцаар тавигдаж байна. Ийнхүү ерөнхий болон салбар шинжлэх ухааны арга, арга зүйд тулгуурлан өнгөрсөн түүх, өнөөгийн нөхцөл байдлыг задлан шинжлэх, ирээдүйн чиг хандлагыг урьдчилан таамаглах чадвартай, бодлого боловсруулах өндөр чадвар эзэмшсэн, хөрвөх чадвартай мэргэжилтэн бэлтгэх шаардлага нь энэхүү мэргэжлийн чиглэлийн сургалтын хөтөлбөрийн голлох үндэслэл болж байна.
  3. Хөтөлбөрийн зорилго, зорилт: Олон улс болон орон судлалын салбар шинжлэх ухааны онол, практикийн мэдлэг, ур чадвар эзэмшсэн олон улс судлаач, орон судлаач шинжээч, төрийн байгууллагын ажилтан албан хаагч, дипломат ажилтан болон гадаадын хөрөнгө оруулалттай компанид ажиллах мэргэжилтэн боловсон хүчин бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино. Даяаршиж буй өнөөгийн түвшинд технологи болон судалгаанд суурилсан сургалт явуулж, олон улсын харилцаа, дэлхийн бодлого, бүс нутаг, мэдээллийн технологийн шинэ орчинд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтийн үйл явцад дүн шинжилгээ хийж, түүний үндсэн дээр Монгол Улсын болон олон улсын харилцааны бусад оролцогчдын гадаад бодлогыг тандан судалж, тэдгээрт зохицохуйц бодлого, стратегийн шийдвэрийг боловсруулан гаргах чадвар эзэмшсэн дотоод, гадаадын  өмчийн аль ч хэвшил, төрийн болон төрийн бус байгууллагад ажиллах, хөрвөх чадвар бүхий мэргэжилтэн бэлтгэхэд оршино.

Зорилтууд

  • Мэргэжлийн мэдлэг ур чадвартай байх
  • Шинжлэх ухааны судалгааны логик, онол болон судалгаа
  • Туршилтаар урьдчилан таамаглах, сорилын хэмжилт хийх
  • Нийгэм, хүмүүнлэг, экологи болон мэдээллийн ухааны хүрээнд үйл явц, шинжлэх ухааны концепц, загваруудыг задлан шинжлэх,үнэлэх, хэрэглэх
  • Бодлого, практик үйл ажиллагааг үнэлэх, асуудал шийдвэрлэх, суурь болон хавсарга судалгааг хийх
  • Нөхцөл байдалд дүн шинжилгээ, үнэлэлт дүгнэлт хийх
  • Гадаад хамтын ажиллагаанд бие даан оролцох
  • Мэдээлэл, баримт бичиг боловсруулах чадвар
  • Манлайлах, багаар ажиллах чадвар