ЭДИЙН ЗАСАГ

       Энэ мэргэжлээр  төгсөгчид нь төрийн болон төсвийн байгууллага, яам, агентлаг, хувийн хэвшлийн байгууллагууд, олон улсын  байгууллага, арилжааны банкуудад эдийн засагч, шинжээч, мэргэжилтэн, судалгааны ажилтнаар,  сургалт эрдэм шинжилгээний байгууллагуудад багш судлаач, эрдэм шинжилгээний ажилтнаар ажилладаг.

    Эдийн засаг, бизнес, санхүүгийн шийдвэр гаргалтын олон талт асуудлаар судалгаа, шинжилгээ хийж, оновчтой шийдвэрлэдэг онолын өргөн мэдлэг, аналитик шинжилгээний чадвар, дадал эзэмшсэн мэргэжилтэн бэлтгэхэд хөтөлбөрийн зорилго оршино. “Эдийн засаг” хөтөлбөрөөр суралцагч нь эдийн засгийн үйл ажиллагаанд оролцогч талуудын үйл хөдлөлийг судалж, үнэлэлт, дүгнэлт өгөх, нийгэм-эдийн засгийн хөгжлийн харилцан уялдааг бодлого, хөтөлбөрт тусган боловсруулах, тэдгээрийг үнэлэх, хэрэгжилтийн байдлыг хянах, бодлого, хөтөлбөр боловсруулахад үндэслэл болохуйц судалгаа, шинжилгээний ажлыг бие даан хийж гүйцэтгэх ур чадварыг эзэмшсэн мэргэжилтэн болно.

Зорилтууд:

  1. Макро болон микроэкономиксийн дунд түвшингийн мэдлэг, экономиксийн салбар болох хөгжил, өсөлт, мөнгө, институц, хөдөлмөр, олон улс, байгаль орчин, нөөцийн экономиксийн үндсэн ухагдахуун, ойлголтуудыг эзэмших,
  2. Математик, статистик, эконометрик, динамик шинжилгээний хичээлүүдийн хүрээнд судалсан ойлголт, ухагдахуунаа ашиглан таамаглал шалгаж, дүгнэлт гаргах, дүрслэн үзүүлэх тоон болон чанарын шинжилгээний арга, аргачлалуудыг ашиглах,
  3. Нягтлан бодох бүртгэл, банк, санхүүгийн үндэс, санхүүгийн болон зардал, удирдлагын бүртгэл, санхүү, бизнесийн удирдлага, хөрөнгө оруулалтын онолын суурь мэдлэг  чадвар олж авах, бүтээлчээр бие даан суралцах чадвартай болох,
  4. Эдийн засгийн макро болон микро түвшингийн аливаа асуудлуудаар эрдмийн болон бодлогын судалгаа, шинжилгээ хийж, оновчтой шийдэх,
  5. Асуудлыг тодорхойлж, шийдвэрлэх шинэ санаа гаргах, шалтгаан, үр дагаварын холбоо хамаарлыг зураглах, боломжит хувилбаруудыг сонгож, илэрхийлэн харуулах,
  6. Таамаглал дэвшүүлэн, харьцуулсан судалгаа, шинжилгээ хийж, үйл явцыг загварчлах, баримт бичиг боловсруулах,
  7. Тоон болон чанарын шинж тэмдгүүдээр тодорхойлогдох мэдээллүүдийг статистикийн аргуудын тусламжтай шинжлэн, ерөнхий хууль зүй тогтлыг илрүүлэх, дүгнэлт гаргах,
  8. Мэргэжлийн болон бусад шаардлагатай программ хангамж, техникийг ашиглах ахисан түвшингийн чадвартай болно.