Шинэ мянган

Тэр зун бол миний сэтгэлд сүүн заводын дүрээр үлдсэн цаг юм. Одоо цагийн хүмүүс “Сүүн завод” гэж юу болохыг мэдэхгүй л дээ. Тэр бол хөдөөний хүмүүс үнээнийхээ сүүг улсад тушаахын тулд “Сүүн завод” нэртэй масло үйлдвэрлэх улиралын чанартай жижиг үйлдвэрийг тойрон буусан өргөн айлсалт байлаа.

Малтай өрхийн хувьд тодорхой хэмжээтэй сүүг улсад заавал тушаах үүрэгтэй түүнийг ардууд “албан журмын сүү” гэж нэрлэнэ. Албан журмаа тушааж дууссан боловч намар орой болтол “Сүүн завод” буутал “Сайн дур”-ын гэж нэрлэгдэх сүү тушааж чамгүй олон хононо. Харин “сайн дурын сүү” тушаасандаа тэр үеийн ханшаар бодвол шаггүй хөөрхөн мөнгө авчихна.

Ээж маань намайг өргөж авсан эцэг Данзанхорлоогийн үеэл ах нар болох Жамбаа, Сосоо баяныхны хотыг бараадаж айлсан зусна. Тэгээд гол төлөв Жамбаа ахын үнээг саалцана. Би болохоор Жамбаа ахын хонь, үхэрээс сургуульд орохын өмнө хоёр жил малалцаж байсан юм л даа. Би чинь одоо гуравдугаар ангид дэвшин суралцах том хүн болсон байв. Тиймээс энэ зун би цагаан голын усанд Сосоо ахын өргөмөл ганц хүү Жадамбаатай хамт сэлж өнжинө. Загас барьж шарж, чанаж иднэ. Сургуульд орохын өмнөх шигээ хонь хариулж үхэр хураахаа больсон байв. Харин өглөө оройгүй сүүн завод дээр хотныхоо сүүг аваачиж тушаахад ах эгч нартай бидонтой сүү хамжилцан авч явна. Ажил бол үндсэндээ тэгс гээд л болно доо.